Saturday, April 9, 2011
Таны мэдэх ёстой үндэсний үзэл. /нийлтлэл/
Орчин үеийн хүүхэд залуучууд Үндэсний үзлийг эх оронч үзэл, үндсэрхэг үзэлтэй хольж ойлгож байгаа болохоор энэхүү нийтлэлийг бичлээ.
“Үндэсний үзэл” гэдэг энэ нэр томъёо тун саяхнаас л Монголд хэрэглэгдэх боллоо. Гэхдээ учрыг зөн совингоороо мэдрэх цөөхөн хүмүүсийн хүрээнд л “үндэсний үзэл” одоохондоо яригдаж байна. Ихэнх хүмүүс “үндсэрхэг үзэл” “эх оронч үзэл”-тэй адилтган ойлгох явдал хэвээр байна. “Үндсэрхэг үзэл” адгийн муу, “эх оронч үзэл” ёстой сайн гэсэн үзэл сурталд олон жил тархиа угаалгасан хүмүүсийн хувьд “үндэсний үзэл” гэхээр түүнийг шууд “үндсэрхэг үзэл”-тэй адилтган сэжиглэж, хажиглах нь энүүхэнд. Тийм хүмүүст “эх оронч үзэл” хэмээх нь илүү тааламжтай байх бөгөөд түүнийгээ сайн ойлгодоггүй. Тэд одоохондоо олонхи болж байна.
“Үндсэрхэг үзэл”, “эх оронч үзэл” хийгээд “үндэсний үзэл” хэмээр нэр томъёололд ямар агуулга байгаа задалж цэгцтэй болгох нь Монголын нийгэмд учраад байгаа оюун санааны будлианы учигийг тайлах нөхцөл юм. Оюун санаа төөрөгдөлтэй л байгаа бол манай нийгэм будлиантай байхаас өөр замгүй.
Уул нь улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ намынхаа эрхэм зорилгоо “Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх...” гэсэн байх нь гарцаагүй. Гэвч өөр хоорондоо үзэл бодлоор, хөрөнгө мөнгөөр элдэвлэхдээ нэгэн зорилготойгоор умартах нь амархан. Өөрийн гэх үндэсний үзлийг таньж мэдээгүй хүмүүст социализм, либерализм хэмээх харь үзлүүд зүрхэнд нь амархан нэвтрэх агаад тэд өөрсдөө мэдэхгүй харь гүрний националист болдог. Энэ утгаараа тэд Монгол түмний эрх чөлөөний дайсан юм. Сүүлийн хорин жилд Монголд либерализм газар авав. Толгойтой хүн болгон өөрийгөө либералист гэх нь холгүй болсон үед энэ үзлийг сурталчлагчид сүүлийн үед өөрсдийгөө либертари үзэлтэн гэж чамирхаж байна. Тэдэнтэй ардчилсан гэж өөртөө тодотгол нэмсэн социалистууд ядмагхан үзэл суртлын тэмцэл хийх аядаж байна.
“Үндэсний үзэл”-ийг социалист болон либераль үзэлтнүүд нэгэн дуугаар үл ойшоохыг оролддог. Энэ бол тэдний нийтлэг төөрөгдөл. Гэхдээ энэ төөрөгдлөөсөө ичих хэрэггүй. Яагаад гэвэл төөрөгдлийн үндэс нь энэ үеийнхэнд зөвхөн хамаатай биш, түүхэн нөхцөл учир шалтгаантай.
Үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэстэн гадны нөлөөлөл буюу соёл иргэншилд автахаас айх, тэмцэх үзэл юм. Эх оронч үзэл гэдэг бол эх орноо хайрлах хайр. Ялгаа нь тэмээ ямаа.
Монголчуудын аз болоход “үндэсний үзэл” гэж урьд өмнө нь ярьж байгаагүй нь уул нь энэ ойлготыг шинэ нөхцөлд шинэ агуулгаар нь хэрэглэх сайхан бололцоо өгч байна. “Үндэсний үзэл” гэсэн нэр томъёонд бусад оронд байдагчлан ямарваа нэг муу гэх агуулга байхгүй. Харин хэрхэн яаж хөгжүүлэх нь бидний хэрэг юм. Бусдын суртлаар сэтгэдэг хүмүүсийн хувьд “үндэсний үзэл”-ийг үндсэрхэг үзэлтэй адилтгах явдал бий. Гэмгүйгээр нь би эх оронч гээд хэлээд явах хүмүүс олон. Зарим нь сүүийн үед “үндэсний эх оронч үзэл” гэх нэр томъёо хэрэглэж байгаа нь асуудлын мөн чанар луу жаахан дөхөх оролдлогоос цаашгүй.
Үндэсний үзэл гэж юу вэ?
Үндэсний үзлийг ярих үед түүнтэй сөргүүлэн үндсэрхэг болон үндсэрхэх үзлийг тавих нь элбэг. Эдгээрийн хоорондын ялгааг жирийн иргэд, олон түмэн сонгогчид тэр бүр ялгаж зааглаж чаддаггүй.
Үндэсний үзэл бол өөрөөсөө ялгаатай харийн буюу үл танигдхуйгаас хэт айх үзэн ядалтын сэтгэл юм. Гадаадын хэллэгээр түүнийг ксенофобия гэх бөгөөд харийнхнаас хорсон айх гэсэн грек нийлмэл үгээс гаралтай ажгуу. Ихэвчлэн гаднах төрх байдлаараа эрс ялгаатай өөр овог аймаг, угсаа гаралтан, зочин гийчдийн соёлын болзошгүй аюул заналаас айж ичих, зугтах хандлага юм.
Сэтгэл зүйн хувьд өргөн утгаар нь тайлбарлавал ксенофобия бол аливаа харийн зүйлээс айх айдас. Гарал үүсэл, шашин шүтлэг, итгэл үнэмшил, зан заншил, аж төрөх ёс, хэл зэрэг аливаа нэгэн шалгуур үзүүлэлтээр өөрсдөөсөө зааглан харийнхнаас жийрхэх үйлдлийг агуулдаг. Үндэсний үзэлтэн итгэл үнэмшлээрээ ямар нэг байдлаар гадаадын иргэд эсвэл цагаачлагчид болон тэдний соёл иргэншил зан заншил гэх мэт зүйлрүү онилж давшдаг. Ялангуяа олон зуун жил хаяа нийлж амьдарсан болон олон зуун жил дайтаж нэг нь нөгөөгөө эзэлж явсан улс үндэстний эсрэг өширхөл хүчтэй байдаг. Нөгөөтэйгүүр өөрийн хэл, бичиг зэргийн цэвэр байдлыг хамгаалах гэсэн эрмэлзлээр соёлын үндэсний үзэл гаргах нь бий.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment