Friday, February 25, 2011

Их эзэн Чингис хааны тухай кинонууд ихэвчлэн мөнгөний бүтээл болдог. /шүүмжлэл/


Эзэн Чингис хааны тухай анхны кино АНУ-д 1928 онд бүтээгджээ. "Чингисийн удам" гэсэн нэртэй угийн болхи дүрслэлтэй энэ кино сүүдтэй алдаршаагүй. Үүний дараа мөн АНУ-гийн найруулагч Жорж Шерманы найруулж, Марвин Миллерийн гол дүрд нь тоглосон "Алтан орд" /The Golden Horde/ гарсан. Энэ кино технологийн хувьд өмнөхөөсөө арай дээр хийгдсэн байлаа. 1951 онд дэлгэцнээ амилсан эл кинонд Англи, Самаркандын хаад ноёд, Чингис хааны армиас хот тосгодоо хамгаалахын тулд эвсэн нэгдэж буй тухай өгүүлдэг юм. Киног үзсэн мэр сэр хүмүүс их хааныг ямар түрэмгий, мулгуу нөхөр байваа гэж хэдэг юм. Харигласллыг хэт ихээр үзүүлсэн болхоор арга ч үгүй байлгүй дээ. 1950 аад онд дайны талаар сэдэв их модонд орж байх тэр үеийг далимдуулан их хаанаар минь мөнгө олох санаа Дик Паул гэгч найруулагчийн толгойд гялсхийн орж иржээ. Тэгээд л мань эр 1956 онд үзэгчдийн хүртээл болгосон байна. "Байлдан дагуулагч" буюу /The Conqueror/ хэмээх кинондоо Чингис хааныг байлдан дагуулагч гэхээсээ илүү алан хядагч мэтээр төсөөлжээ. "Байлдан дагуулагч" -ийг санхүүжүүлсэн Ховард Хьюс, Есүхэй баатар Өүлэнг мэргэд аймгаас олзлон булаасан хийгээд хожим нь мэргэдүүд Тэмүүжиний сэтгэлтэй бүсгүй Бөртэг хариу булаасан түүхээс сэдэвлэн уг киног бүтээх болсон юм байна. Тэгээд ч нэрт кино зохиолч Миллиардад хэдэн ногоон атгуулаад зохиолоо бичүүлжээ. Гэтэл өнөөх нь хөлсөө чамлаад сүйд. Тэгээд л мөнгөнд нь тааруулаад ядруухан зохиол бичээд өгсөн юм байх. Хэдийгээр зохиол нь түүхий боловсруулалттай тааруухан ч энэ кино үзэгчдийг хэсэгтээ л байлдан дагуулсан. Чингис хааны ковбой дүрээр алдаршсан Жон Уейнийг тоглуулжээ.


Чингис хааны ар нуруунд хутга зоосон нь.
Барууны орнуудын бүтээсэн Чингис хааны тухай кинонууд дотор баллаад хаясан кино цөөнгүй байдаг юм билээ. 1961 онд бүтээсэн "Монголчууд" /The Mongols/ киног үзээд та "боож үхэх" байхаа. Уг нь Чингис хааны дүрд Родано Лупи, Өгөдэйн дүрд Жак Палансе, Хулан хатанд Анита Экберг, Тэмүүжинд Кабрейд Антонин зэрэг нэртэй жүжигчид тоглосон байна. Родано Лупи хожим "Геркулес Монголчуудийн эсрэг" хэмээх кинонд Чингис хааны дүрийг дахин амилуулснаараа алдаршсан. Итали, Францын уран бүтээлчид их хааныг маань арай дэндүүлжээ. Киноны хэсгээс дурьдая. Чингис хааны удирдсан дайчид Польшийг довтолж, Краков хотыг үнсэн товрого болгохоор эрчлэн хуйлрах давалгаа мэт давхилдана. Польшийн хаад хотоо тэднээс эсэн мэнд авран хамгаалахын тулд их хаантай энхийн гэрээ байгуулна. Гэтэл Польшийг эзэлдгийн алдад Чингис хаан ууган хүү Зүчи-тэйгээ санал зөрөлдөн, сүүлдээ эцэг хүү хоёрын тэмцэл туйлдаа хүрдэг. Тэдний  дундуур Хулан хов зөөж гүйх бөгөөд сүүлд нь Хулан, Чингис хааны нуруун тус газар хутга зоож амь насыг нь бүрэлгэнэ. Баруунд Чингис хааны тухай ийм л дүрсэлгээтэй кинонууд гарах юмдаа. Оросын нэрт найруулагч С.Бодров ч бас Чингис хааны дүрийг тийм ч  сонгодог хэлбэрээр дүрсэлж өгөөгүй. Хятадын амьтны хүрээлэнгийн торон хашаанд араатантай хамт хоригдсон Тэмүүжин хоосон яс мөлжин, дэргэдүүр нь явсан хүмүүс рүү өлөн нүдээр харж, догшрон зэвүүцэх нь цаанаа л аймшигтай. Духан дээрээ том ханз үсэгтэй Тэмүүжин яг л гуйлгачин шиг бохир заваан хувцастай харагдах ажээ. Харин Бөртэ хатан хятадын нэгэн чинээлэг айлд зарц хийж голоо зогоодог хэмээн хамаг муугаар дүрсэлжээ. Кино цааш хэрхэн өрнөхийг үзэгчид хараад  яандаа  яана. Энэ мэтээр дурьдаад байвал Их эзэн Чингис хааныг маань гутаасан кино цөөнгүй гарчээ.


"Мөнх хөх тэнгэр минь өршөө"

No comments:

Post a Comment